Thursday, January 8, 2009
Бодлогын монопольчлол.
Эссэ 2. Ч.Алтанхуяг.
Бодлогын үүсэл. Эртний философичид төрийн зохистой бодлого, шийдвэр боловсруулан гаргах асуудалд ямагт анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд тэдний дотроос Аристотель анхлан ухагдахууны аппарат бий болгон, төрийн бодлого боловсруулах үйл явцын тухай үндсэн ойлголтыг боловсруулсан юм.
Тэрээр задлан шинжилгээндээ “тунгаан бодох”(phronesis) “ухамсарт сонголт” (proaisesis) гэсэн ухагдахууныг хэрэглэсэн байдаг. Ингэхдээ онолын цэцэн ухаан, практик ухаан болсон хүний сэтгэхүйн хоёр төрлийн чадвар байдаг гэсэн төсөөллийг иш үндэс болгосон байна.
-Тунгаан бодох нь хүмүүсийн практик үйл ажиллагаатай холбоотой. Энэ нь төрийн шийдвэр нь зорилго (сайн сайхан зүйл), түүнийг хэрэгжүүлэх арга замыг (үйлдэл, үйл ажиллагааг) тодорхойлох тухай улс төрийн практик мэдлэгт суурилна гэсэн үг юм.
-Ухамсарт сонголт гэдэг нь нэгэнт тодорхойлсон зорилгод хүрэх арга замыг эрж хайхад чиглэсэн хүмүүсийн үйл ажиллагааны тодорхой бус, санамсаргүй байдлыг илэрхийлж байв.
Шийдвэрлэх зүйл гэдэг нь эцсийн зорилгод гэхээсээ түүнийг хэрэгжүүлэх арга замд илүү хамаарах ажээ. Ийнхүү Аристотель төрийн шийдвэр гаргах нь сэтгэн бодох хийгээд практик үйл ажиллагаа бөгөөд нэг талаасаа тодорхойлсон зорилгод нийцэх арга хэрэгслийг ухамсартайгаар сонгоход чиглэсэн, нөгөө талаасаа чөлөөт сонголт хийх үеийн санамсаргүй байдал тодорхой бус нөхцөлд зорилгот хүрэх боломжит бөгөөд оновчтой үйлдлийг илрүүлэн тогтооход чиглэсэн хэрэглээний ухаан хэмээн үзэж байжээ.
Үүнээс хойш төрөөс үр нөлөө бүхий бодлого шийдвэр гаргах асуудлыг Сэргэн мандалтын болон Соён гэгээрүүлэх үеийн Н.Макиавелли, Ж.Боден , Т.Гоббс , В.Спиноза , Ж.Руссо зэрэг сэтгэгчид судлаж байжээ.
Бодлогын ухаан үзэл баримтлалын хувьд үүсэн төлөвшихөд дэлхийн хоёр дайнтай холбоотой гүнзгий хямрал ихээхэн түлхэц үзүүлсэн гэж Лассуэлл үзжээ. Дэлхийн хоёр дайн дэгдэхэд, их гүрнүүдийн удирдагчид бодож боловсруулаагүй үндэслэл муутай шийдвэр гаргаж байсан нь багагүй үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
.
Бодлогын үе шат: Нийгмийн тодорхой хүрээнд төрийн байгууллагаас шийдвэрлэх шаардлагатай асуудлын шинж чанар агуулгаас хамааруулан төрийн бодлогыг олон чиглэлд ангилан хуваадаг ба эдийн засгийн, нийгмийн, түлш эрчим хүчний, захиргааны, байгаль орчины, гадаад, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын, боловсон хүчний, хүн ам зүйн, соёлын, мэдээллийн , хөдөө аж ахуйн, эрх зүйн, шинжлэх ухаан-техникийн гэх мэтээр ангилдаг бөгөөд дээрх чиглэл бүрийн хүрээнд төрийн бодлогын олон дэд чиглэлийг гаргаж болно. Тухайлвал нийгмийн бодлогыг хүн амын ажил эрхлэлтийн, нийгмийн халамжын, эрүүлийг хамгаалах, боловсролын гэх мэт салбаруудад ангилдаг. Бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд оролцогч талуудын харилцааны шинж чанаруудыг ойлгох аливаа бодлогуудын агуулгыг тодорхойлохын тулд өөр бусад шалгуураар ч ангилсан байдаг. Жишээ нь: Т.Лови төрийн бодлогыг зохицуулалтын, хувиарлалтын, дахин хувиарлалтын гэж ангилсан байдаг.
-Зохицуулах бодлого нь эдийн засгийн зохицуулалт, хэрэглээний зах зээлийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг төрийн байгууллагаас зохицуулах үйлдлийг агуулна.
-Хувиарлах бодлого нь нийгмийн хөтөлбөр, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт материаллаг баялаг, ашиг тусыг хүн амын янз бүрийн бүлгийн дунд төрийн байгууллагын зүгээс хувиарлах үйл ажиллагаатай холбоотой.
-Дахин хувиарлах бодлого нь татвар, тариф, шилжүүлгийн хэлбэрээр тодорхой нөөцийг хүн амын нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжүүлэхийг илэрхийлнэ.
Бодлогот оролцогч талууд. Төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь нарийн төвөгтэй, өргөн цар хүрээтэй үйл явц учраас түүнд олон байгууллага хувь хүмүүс оролцдог бөгөөд гол үүргийг:
1. Төриййн хууль тогтоох/төлөөллийн/ байгууллага
2. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага
3. Иргэний нийгмийн байгууллагууд гүйцэтгэдэг.
Зарим үед улс төр эдийн засгийн явцуу бүлэг үүсэж, корпорацын сонирхолоо хамгаалан тодорхой хүрээнд төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд үлэмж нөлөө үзүүлдэг. Энэ бүхэн бодлогын субъект болох шууд оролцогчдод хамаарна. Үүний зэрэгцээ төрийн бодлогын объект буюу бодлогод хамрагдах нийгмийн давхрага бүлгийг хамруулах ёстой. Сүүлийн үед тэдгээрийн хоорондын ялгаа улам бүдгэрч байгаагын учир нь нийгэмд тулгарсан янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийг татан оролцуулах болж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, захиргааны дүрэм журмыг хөнгөвчлөх бодлогын биелэлт, үр ашгын талаарх мэдээллийг хүн амд хүргэхэд чиглэсэн төр иргэдийн хоорондын хамтын ажиллагааг зохицуулдаг механизмийг бий болгоход анхаарсантай холбоотой юм.
12-р зууны үеэс Чингис хаан төрүүлж өсгөсөн ээжийгээ дээдлэж, түшиж явах эхнэрээ хүндэлж тэдний үгийг сонсож, аливаа асуудалд ухаалагаар ханддаг байсан сайхан уламжлал байдаг. Түүнийхээ хүчинд дэлхийн талыг эзэлж, улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж явсан түүхэн туршлага бидэнд бий.
Нэг айл гэр, аймаг, хотоос эхлээд тухайн улс өөрийн гэсэн бодлоготой, түүнийг ямар нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх өөр өөрийн гэсэн аргачлалтай байдаг. Өрхийн тэргүүн амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж түүнийгээ эхнэртэйгээ зөвшилцөн асуудлыг шийдэхийн оронд өрхийн тэргүүн гэдгээрээ давуу эрх эдлэн эхнэр хүүхэддээ өөрийн үзэл бодлыг тулган, албан шахалтаар хүлээн зөвшөөрүүлэх нь хүн ёсны хувьд ёс суртахууны доройтол, эдийн засгийн хувьд алдагдал, эцэг хүний хувьд хариуцлагагүй явдал юм. Энэ нь бодлогын монопольчлол ганцхан өрх гэрт ямар хор уршигтайг харуулж байгаа юм.
Манай төрийн бодлого ард иргэд, улс эх орныхоо хөгжлийн төлөө хэмээн тодорхойлогдон хэрэгжиж байгаа ч нам бүлэглэлүүд өөрсдийн эрх ашгийн сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлж байгаа нь үе үеийн парламент, засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрээс харагдаж байна. Тухайлбал: 2008 оны сонгуулийн өмнөхөн, УИХ-ын гишүүдийн 30-с доошгүй хувь нь эмэгтэй хүн байна гэсэн хуулиа, өөрсдөө арга шалтаг хайн, бараг хүчээр шахуу хүчингүй болгож байсан тод жишээ байгаа. Энэ нь УИХ болон тухайн гишүүдийн /эрх ашгийн сонирхолын үүдэлтэй/ тодорхой бус бодлогоор хийгдсэн нь бодлогын монопольчлолын илрэлийн нэг хэсэг юм.
Бас нэгэн баримтат жишээ. Уг баримтат жишээг арын хуудасанд хавсаргав.
Дүгнэлт. Бодлогыг боловсруулахдаа асуудлыг шийднэ, амьдралыг сайжруулна хэмээн хийгддэг ч, хэрэгжих түвшиндээ зорилгоосоо хазайж шийдвэрлэгддэгийг бодлогын монопольчлол гэж үзэж байна. Тухайн үедээ шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдэд ашигтай, таатай мэт боловч алс ирээдүйн үр хүүхдүүддээ ямар сөрөг үр дагавартайг ухаарахгүй нь даан ч гутамшигтай.
Улс эх орныхоо төлөө гэсэн иргэнлэг хүмүүсийн хүсэл зоригийг мохоож, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчилдэг механизм болон хувирдаг нь харамсалтай. Үүнийг таслан зогсоохын тулд ард иргэд бид нэгдмэл хүч, нэгэн зорилготой байж түүнийхээ төлөө тууштай тэмцэх явдал юм.
Ашигласан материал.
Я.Бямбасүрэн , П.Доржсүрэн Төрийн бодлого.
С.Сосормаа. “Нийтийн удирдлага” хичээл “Нийтийн бодлого” сэдвийн жишээг иш татав.
No comments:
Post a Comment